Экспортын орлогыг 2 тэрбум орчим ам.доллароор нэмэгдүүлнэ

2023-06-07

Манай улсын экспортын орлого өнгөрсөн онд 12.5 тэрбум ам.доллары байсныг ирэх онд 14.1 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөөд байна.

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний бодлогын тэргүүлэх чиглэл болох “Экспортыг нэмэгдүүлэх” хүрээнд төмөр зам, авто замын ачаа тээвэрлэх хүчин чадлыг 1.5 дахин нэмж, нүүрсний экспортын биет хэмжээг 50 сая тоннд, зэсийн экспортын биет хэмжээг 1.5 сая тоннд, газрын тосны экспортын биет хэмжээг 6 сая баррельд хүргэхийг зорьж байгаа.

Нийт экспортын ачааны 90 гаруй хувийг 3 боомтоор, импортын ачааны 93.2 хувийг 2 боомтоор хийж байна. Иймд хилийн боомтуудыг өргөтгөн шинэчилж, боомтын ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг 1.6 дахин нэмэгдүүлэх юм.Түүнчлэн, нийт экспортын 90.2 хувийг түүхийгээр гаргаж байгаа тул хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр технологийн паркуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэхийг ЭЗХЯ мэдээлэв.

Цар тахлын өмнөх үеийнхээс мах, махан бүтээгдэхүүний экспорт 4 дахин буураад байгаа учир мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнийг бууруулах вакцинжуулалтыг бүрэн хийж махны экспортыг 30 мянган тоннд хүргэхээр төлөвлөжээ. Экспортын үйл ажиллагаанд зарцуулж буй хугацаа өнгөрсөн онд 302 цаг байгааг гадаад худалдааг хөнгөвчлөх замаар 72 цаг болгож бууруулна. Эдгээр зорилтын хүрээнд 2.7 их наяд төгрөгийн 23 төсөл үйл ажиллагаа төлөвлөөд байгаа аж. 

Анхааруулга: Энэхүү нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс хуулбарласан болно. Дахин хэвлэх зорилго нь илүү их мэдээлэл хүргэх явдал юм. Энэ нь энэ вэбсайт нь түүний үзэл бодолтой санал нийлж, үнэн зөвийг нь хариуцна гэсэн үг биш бөгөөд хуулийн хариуцлага хүлээхгүй. Энэ сайтын бүх эх сурвалжийг интернетээс цуглуулсан бөгөөд хуваалцах зорилго нь зөвхөн таны судалгаа, лавлагаа юм.Зохиогчийн эрх болон оюуны өмчийн зөрчил байвал бидэнд мессеж үлдээнэ үү.